Бакалаврын элсэлтийн журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Олон улсын Улаанбаатарын их сургууль (ОУУБИС) нь 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтэд БСШУЯ-ны 2013 оны А/79 тоот “Оюутан элсүүлэх журам”,  БСШУСЯ-ын сайдын 2018 оны А/194 тоот “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, босго оноо тогтоох тухай БСШУСЯ, “Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум (МИДСК)-ын шийдвэр журмыг баримтална.

1.2 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлийн бүртгэлийн үйл ажиллагааг  www.iuu.edu.mn хаягаар онлайн  зохион байгуулна.

1.4 Сургуулийн комисс нь элсэгчдийг бүртгэх, оноогоор жагсаах, элсүүлэх хяналтын тоог баримтлан хөтөлбөр сонгуулах, элсэгчдийн өргөдөл хүсэлтийг барагдуулах зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын  хүрээнд явуулна.

 

ХОЁР. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

2.1 ОУУБИС-д ямар нэг мэргэжлээр элсэхийг хүсэгч нь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) нэгдүгээр хичээл болон хоёрдугаар хичээлээр яамнаас тогтоосон босго онооноос дээш оноо авсан байна. (хүснэгт 1).

2.2 Элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байна.

2.3 Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр элсэх бол ЭЕШ шаардахгүй бөгөөд оройн ангид 2 жил, өдрийн ангид 4 жилээр суралцана.

2.4 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн иргэнээс ЭЕШ шаардахгүй боловч БСШУСЯ-ын Сайдын 2018 оны А/194 тоот тушаалын 7.1.4-д заасны дагуу дүйцүүлсэн батламж авсан байна.

2.5 Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэх ба төлбөрийг тусгайлан тогтооно.

2.6 Сургалт явуулдаг бүх хөтөлбөрөөр нэг жилийн хөрвөх сургалтад ЭЕШ-гүй элсүүлнэ. Суралцагч нь хүссэн мэргэжлийн хөтөлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс өөрөө сонгон суралцана. Тухайн оюутнуудыг нэг жилийн хугацаанд суурь боловсролын тэнхим хариуцан ажиллана. Амжилттай суралцсан тохиолдолд Сертификат олгоно.

 

ГУРАВ. ЭЛСҮҮЛЭХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

3.1. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуульд элсэх болзлыг хангасан иргэдийг   www.iuu.edu.mn хаягаар онлайнаар бүртгэнэ.

3.2 Үнэлгээний төвөөс олгосон 2019, 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн оноогоор бүртгүүлэн элсэж болно. Ерөнхий шалгалтыг дахин өгсөн хүний хувьд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгэнэ.

3.3 Бүртгүүлэгчдийг шалгалтын оноогоор байр эзлүүлэн жагсаана.

3.4 Ерөнхий оноо нь тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхийн дүнгийн дундаж оноог харьцуулан жагсаана.

3.5 Тухайн мэргэжилд бүртгүүлэгчдийг онооны дарааллаар хяналтын тоонд багтаан тодорхой мэргэжлээр элсэн сурах “ОУУБИС-д суралцах эрхийн бичиг” томилолт олгоно.

3.6 “ОУУБИС-д суралцах эрхийн бичиг” авах элсэгчдийн материалыг элсэлтийн комисс хүлээн авах бөгөөд дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
  • Ерөнхий шалгалтын батламж
  • 3х4 хэмжээний цээж зураг 1 хувь
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Хугацаа, байр: 2021 оны 7 дугаар сарын 01-ээс эхлэн тус сургуулийн хичээлийн II байр (SUNDAY PLAZA худалдааны төвийн дэргэд 6 давхар байшин)

Хаяг: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намяанжүгийн гудамж,  Улаанбаатар-210644, Ш/х-658

Холбоо барих  утас: 462026, 462027, 91165852, 8807-2122, 9991-3123

Веб хаяг: www.iuu.edu.mn

 

ДӨРӨВ.  ШИНЭ ОЮУТНЫГ БҮРТГЭХ, СУРАЛЦУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

4.1 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуульд элсэх болзлыг хангаж “ОУУБИС-д суралцах эрхийн бичиг” авсан элсэгч нь 2021 оны 8 дугаар сарын 30-ний дотор өөрийн биеэр ирж суралцах гэрээ байгуулна.  Гэрээ байгуулахад дараах 6 материалыг  бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувь)
  • Ерөнхий шалгалтын батламж (эх хувь)
  • 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
  • Нэг улирлын сургалтын төлбөр буюу жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг  төлсөн баримт.

Бүртгэх хугацаа, байр: 2021 оны 7 дугаар сарын 01 өдрөөс 8 дугаар сарын 30, сургуулийн хичээлийн I байр (SUNDAY PLAZA худалдааны төвийн эсрэг талд байх бага, бүрэн дунд болон их сургуулийн цогцолбор байр)